Үйл ажиллагаа

Үйл ажиллагаа

НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо нь НҮБ-ын харьяа агентлагуудын дэмжлэгтэйгээр  2021 оноос хойш 20 гаруй залуучуудад чиглэсэн бичил төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Дээрх үйл ажиллагаануудад ойролцоогоор 4500 гаруй хүнийг хамруулсан байна. Бидний хэрэгжүүлсэн онцлох төсөл хөтөлбөрүүдийг танилцуулья.

Тогтвортой Хөгжилд Залуус Хөтөлбөр

Global Goals for Youth Program

Тогтвортой Хөгжилд Залуус хөтөлбөр нь 16-24 насны залуучуудыг хамруулж, улмаар Тогтвортой Хөгжлийн Зорилгуудтай уялдах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талбар нь болж, утга учиртай сайн дурын ажилд чиглүүлдэг. Энэхүү хөтөлбөрийг НҮБ-ын Суурин Зохицуулагчийн газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Хэвлэлийн хүрээлэн тэргүүтэй байгууллагууд дэмжиж, хамтран ажилласан. Түүнчлэн Тогтвортой Хөгжилд Залуус хөтөлбөрийн оролцогчид НҮБ-аас санаачлан зохион байгуулсан үйл ажиллагаанууд, Тогтвортой Хөгжлийн Зорилгын тухай сургалтууд, Хакатон зэрэг үйл ажиллагаануудад тогтмол оролцох боломжтой. НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооноос тус хөтөлбөрийг улам өргөжүүлж, залуусын дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэх зорилгоор энэ жил гурав дахь удаагаа хэрэгжүүлэх гэж байна.

Period UB

НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооноос санаачлан сарын тэмдгийн олон улсын хөдөлгөөн болох Period (The Menstrual Movement)-ийн Монгол дахь « Period UB » төслийг хэрэгжүүлсэн. Энэхүү олон улсын хөдөлгөөний хүрээнд сарын тэмдгийг тойрсон үл ойлголцлыг арилгаж, эмзэглэх сэдэв биш гэдгийг таниулах зорилгоор цахим аян өрнүүлэхийн зэрэгцээ Баянзүрх дүүргийн 79, 87,120, 147, 148-р сургуулиуд дээр үнэгүй ариун цэврийн хэрэглэлтэй хайрцгууд байршууллаа. Period UB хөдөлгөөнийг НҮБ-ын Хүүхдийн сан болон Naturella брэнд дэмжиж, хамтран ажилласанд талархал илэрхийлье. Энэ хөдөлгөөнийг үндэслэгч Надяа Окамото сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн хүртээмжгүй байдал, нийгмийн янз бүрийн гаралтай хүмүүст хэрхэн нөлөөлдгийг судалж анх эхлүүлжээ. Period UB хэдий Улаанбаатар хотод 2020 онд эхэлсэн ч цар тахлын улмаас хэрэгжиж чадаагүй. Ийнхүү 2022 оны 3-р сарын 11-ний өдрөөс албан ёсоор эхэлж, охид эмэгтэйчүүд төдийгүй бүх хүмүүст сарын тэмдгийн тухай зөв ойлголтыг түгээхээр зорьсон юм. Бид хөдөлгөөний цар хүрээг улам тэлж, утга учрыг таниулахаар цаашид чиглэж байна.

Шинжлэх ухаантай танилцах нь

Intro to Science

“Шинжлэх ухаантай танилцах нь” төсөл КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээнд хувь нэмрээ оруулж, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох залуучуудын идэвх, санаачилгыг дэмжих зорилго бүхий бичил төслийн хүрээнд  НҮБ-ын дэргэдэх Залуучуудын Зөвлөх Хороо, ШИМТ боловсролын төв, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулагдсан. Энэхүү төсөл нь нийслэлийн хэмжээнд 5 ерөнхий боловсролын сургууль буюу 35, 17, 39, 67 болон 124-р сургуулиудын 6-р ангийн нийт 150 хүүхдийг хамруулсан юм. Төслийн зорилго нь шинжлэх ухааны салбарын талаар хүүхдүүдэд танин мэдэхүйн, туршилтын сонирхолтой арга барилаар мэдлэг олгоход суурилсан билээ. Манай улсад шинжлэх ухааны чиглэлээр суралцах явдал сүүлийн жилүүдэд багассан. Тиймээс уг төслөөр дамжуулан хүүхдүүдэд шинжлэх ухаан сонирхох сэдэл төрүүлэх, шинжлэх ухаанч сэтгэлгээ суулгах улмаар төсөлд хамрагдсан сурагчид шинжлэх ухааны салбарт ирээдүйн олон амжилтуудад үүд хаалгыг нь нээж өгөхийг зорилоо. ШИМТ боловсролын төв нь STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик, сэтгэлгээ ба гоо зүй гэсэн үзэл санаатай хөтөлбөрүүдээ хэрэгжүүлдэг. Сургалтын хөтөлбөрийн хувьд шинжлэх ухааны тухай богино бичлэг үзэх, түүх уншиж бүтээл урлах, зураг зурах гэх мэт бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд голлосон. Төслийн хугацаанд хүүхдүүд хими ба физикийн туршилтыг багаараа гүйцэтгэж, төгсгөлд нь хийсэн бүтээлүүдээрээ өрсөлдөн, шилдгүүдийг шалгаруулсан юм.

"Тогтвортой Ирээдүй" хэлэлцүүлэг

"Sustainable Future" series discussion

НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооноос санаачилсан “Тогтвортой ирээдүй” залуусын цуврал хэлэлцүүлгийн эхний арга хэмжээ НҮБ-ын Хүн амын сан UNFPA Mongolia болон НҮБ-ын Суурин Төлөөлөгчийн газрын UN Mongolia - Нэгдсэн Үндэстний Байгууллага дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулагдсан. Хэлэлцүүлгийн зорилго нь залууст тулгамдаж байгаа асуудлыг оролцогчид өөрсдөө тодорхойлж, улмаар бодит шийдлийг боловсруулан, шийдвэр гаргагчдад дамжуулснаар залуус өөрсдийн дуу хоолойг бодитоор хүргэх боломжийг бүрдүүлэх явдал юм. Хэлэлцүүлэг хоёр хэсэгт хуваан зохиогдсон ба эхний ээлжинд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, хоёрдугаар хэсэг их, дээд сургуулийн оюутан, залуус болон хөдөлмөр эрхлэгчид оролцсон. Хэлэлцүүлгийн үеэр НҮБЗЗХ-ны зүгээс залууст тулгамдаж болох асуудлыг Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдуулан “Ээлтэй орчин”, “Хүртээмжтэй эрүүл мэнд”, ”Залуусын эрх, оролцоо”, ”Чанартай боловсрол” гэсэн сэдвүүдээр ангилан, танилцуулга хийсэн бөгөөд багууд эдгээр асуудлууд дээр нээлттэй хэлэлцэн, дэд асуудлыг тодорхойлж, үүн дээр хамтарсан шийдлийг дизайн сэтгэлгээний аргаар боловсруулан танилцууллаа. Хэлэлцүүлэгт гарсан үр дүнг НҮБЗЗХ 8-р сарын 25нд болох Залуучуудын хөгжлийн үндэсний чуулганаар Монгол улсын Хөдөлмөр,Нийгмийн хамгааллын яам тэргүүтэй НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Засгийн газар, ИНБ, ТББ болон бусад холбогдох байгууллагуудад танилцуулсан. НҮБЗЗХ цаашид залуучуудын боловсруулсан шийдлүүдийг бодитоор хэрэгжүүлэхэд дээрх байгууллагуудтай хамтран ажиллах болно.