Бидний үйл ажиллагаа
НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо (НҮБЗЗХ) нь Монгол дахь НҮБ-ын агентлагуудын үйл ажиллагаа, хэлэлцүүлэг, төсөл хөтөлбөрүүдэд залуучуудын төлөөллийг ханган оролцож, тэдний дуу хоолой, санал бодлыг шийдвэр гаргах түвшинд хүргэх чиглэлээр ажилладаг сайн дурын залуучуудын байгууллага юм.
НҮБЗЗХ нь тогтвортой хөгжил, жендэрийн тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлт, залуусын оролцоо зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудаар мэдлэг ойлголтыг түгээх, залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилготой төрөл бүрийн төсөл, санаачилгыг хэрэгжүүлдэг. Үүнд жил бүр зохион байгуулдаг үндсэн хөтөлбөрүүд болох Тогтвортой Хөгжилд Залуус болон Period UB багтдаг бөгөөд эдгээр нь залуусыг Тогтвортой хөгжлийн зорилтуудтай танилцуулах, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн талаарх зөв ойлголт болон дадлуудыг түгээх, мөн өөрсдийн нийгэмд эерэг өөрчлөлт бий болгоход нь дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг.
Үүнээс гадна НҮБЗЗХ нь төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, Монгол дахь бусад залуучуудын байгууллагуудтай хамтран хэлэлцүүлэг, сургалт, кампанит ажил, олон нийтийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж, залуусын оролцоотой, хүртээмжтэй нийгмийг бий болгоход хувь нэмрээ оруулж байна.
Тогтвортой Хөгжилд Залуус Хөтөлбөр
Global Goals for Youth Program




2024 оны Тогтвортой хөгжилд залуус хөтөлбөрийн Говь ХХК-ийн "Тогтвортой ноолуур"-тай хамтарсан гурван талт төслийн хаалтын арга хэмжээний үеэр



2025 ны Тогтвортой хөгжилд залуус 3 долоо хоногийн хөтөлбөрийн хэсгүүдээс
GGYP буюу Тогтвортой хөгжилд залуус хөтөлбөр нь өсвөр үе, залуучуудад тогтвортой хөгжлийн талаарх мэдлэг, мэдээлэл, ойлголтыг түгээхээс гадна уур амьсгалын өөрчлөлт, нийгэм, байгаль орчны тулгамдсан асуудлуудад хариуцлагатайгаар оролцох оролцоо, манлайллыг дэмжих зорилготой хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь НҮБ-ын харьяа агентлагуудын дэмжлэгтэйгээр 2021 оноос хойш хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл залуучуудад чиглэсэн 20 гаруй бичил төсөл, санаачилгыг амжилттай хэрэгжүүлээд байна. Эдгээр үйл ажиллагаанд нийтдээ 5000 гаруй хүн хамрагдсан нь залуусын оролцоо, нөлөөллийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буйг харуулж байна.
Мөн Тогтвортой хөгжилд залуус хөтөлбөрийн оролцогчид НҮБ-аас санаачлан зохион байгуулдаг сургалт, хэлэлцүүлэг, хакатон болон Тогтвортой Хөгжлийн Зорилгын чиглэлийн олон төрлийн арга хэмжээнд тогтмол оролцох боломжтой байдгаараа онцлогтой. Энэ нь залуусыг олон улсын түвшний мэдлэг, туршлагаар хангахаас гадна манлайлах ур чадвараа хөгжүүлэх өргөн боломжийг бүрдүүлдэг билээ.
Түүнчлэн 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах гэж буй “UNCCD COP17” уулзалтын зорилго, ач холбогдолтой уялдуулан “Цөлжилт ба газрын доройтол” сэдвийн хүрээнд хөдөө орон нутгийн залуусын оролцоо, манлайллыг дэмжих зорилготойгоор хөтөлбөрийн цар хүрээг илүү өргөжүүлэн зохион байгуулахаар ажиллаж байна.
Period UB
PERIOD олон улсын хөдөлгөөний албан ёсны Монгол дахь салбар









(I эгнээ) 2022 оны үеийн Period UB төсөл; (II, III дахь эгнээ) 2025 оноос хэрэгжүүлж буй сургалтын хэсгүүдээс болон сошиал медиа дээр явуулж буй кампанит ажлууд
Period UB төсөл нь сарын тэмдгийн талаарх буруу ойлголт, нийгмийн стигма, эрүүл ахуйн хүртээмжийн асуудлыг бууруулах зорилготой залуучуудад чиглэсэн нөлөөллийн төсөл юм. Төсөл нь олон улсын menstrual equity хөдөлгөөн болох PERIOD-ийн үзэл санаанд тулгуурлан албан ёсны бүртгэлтэй салбараар Монгол Улсад хэрэгжиж байна.
Period UB нь 2020 онд санаачлагдсан боловч цар тахлын нөхцөл байдлын улмаас хэрэгжилт хойшлогдож, 2022 оноос үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн. Анхны үйл ажиллагааны хүрээнд сарын тэмдгийг тойрсон үл ойлголцлыг арилгаж, эмзэглэх сэдэв биш гэдгийг таниулах зорилгоор цахим аян өрнүүлэхийн зэрэгцээ Баянзүрх дүүргийн 79, 87, 120, 147, 148-р сургуулиуд дээр үнэгүй ариун цэврийн хэрэглэлтэй хайрцгууд байршуулсан. 2022 онд НҮБ-ын Хүүхдийн сан болон Naturella брэнд дэмжиж, хамтран ажилласан билээ.
Төслийн хүрээнд бидний үйл ажиллагааг НҮБ-ын Хүүхдийн сан үргэжлүүлэн дэмжиж бид сарын тэмдгийн талаарх зөв ойлголтыг түгээх цахим мэдээллийн аян, сургалт, нөлөөллийн ажлуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ ерөнхий боловсролын сургуулиудад сарын тэмдгийн хэрэгслийн хайрцаг байршуулан, сурагчдын өдөр тутмын хэрэгцээнд дэмжлэг үзүүлсэн.
2025-26 онд төслийн цар хүрээ өргөжин тэлж, сарын тэмдгийн эрүүл мэндээс гадна ариун цэвэр, эрүүл ахуйн боловсрол, өсвөр үеийнхний мэдлэг, зөв дадлыг дэмжих чиглэлээр WASH Action Mongolia болон MedPlus - Эрүүл мэндийн мэргэжилтний хөгжлийн хурдасгуур НҮТББ-тай хамтран ажиллаж байна. Төслийн хүрээнд сургуулиудад сургалт зохион байгуулах, сарын тэмдгийн мөчлөг болон эрүүл ахуйн талаарх боловсрол олгох, гар ариутгагч болон сарын тэмдгийн хэрэгслийн хайрцаг байршуулах зэрэг ажлууд тогтмол хэрэгжиж байна.
Theatre-Based Training





2025 оны 5 сар болон 11 сард зохион байгууллагдсан Theatre-based Training (TBT) хөтөлбөрийн хэсгүүдээс
Theatre-based Training (TBT) нь НҮБЗЗХ-оос НҮБ-н Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлдэг сургагч багш бэлтгэх хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь залуучуудад интерактив театрын аргачлалаар дамжуулан нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг бүтээлч байдлаар хөндөх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан ойлголцол бий болгох ур чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг. Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид өгүүлэмж боловсруулах, дүр бүтээх, биеийн хөдөлгөөнөөр сэтгэл хөдлөлөө илэрхийлэх зэрэг театрын суурь, практик арга техникт суралцдаг. Мөн оролцогчид багийн ажиллагаа, манлайлал, илтгэх ур чадвар болон аюулгүй, хүртээмжтэй орчинд хэлэлцүүлэг өрнүүлэх арга барилыг эзэмшдэгээрээ онцлогтой. Хөтөлбөрт хамрагдан сургагч багш болсноор залуус өөрсдийн сурсан мэдлэг, аргачлалыг бусдад түгээн заах, орон нутаг болон хамт олондоо эерэг өөрчлөлт бий болгох боломжтой болдог. Theatre-based Training-д хамрагдахад өмнөх туршлага шаардагдахгүй бөгөөд нийгмийн асуудлыг бүтээлчээр хөндөх хүсэлтэй бүх залууст нээлттэй юм.
Судалгаа
НҮБЗЗХ нь залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг тоон болон чанарын судалгааны аргачлалаар илрүүлж, нотолгоонд суурилсан шийдлийг боловсруулах зорилготой нэгж юм. Бид залуусын дуу хоолойг бодлого тодорхойлогчдод хүргэх гүүр болохын тулд үндэсний болон орон нутгийн түвшний судалгаануудыг бие даан болон НҮБ-ын төрөлжсөн агентлагуудын дэмжлэгтэйгээр гүйцэтгэдэг.
Тус багийн гишүүн болсноор залуус судалгааны дизайн боловсруулах, дата цуглуулах, дүн шинжилгээ хийх болон тайлан бичих практик ур чадваруудад суралцдаг. Бидний бэлтгэсэн судалгааны үр дүнгүүд нь НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооны стратегийн шийдвэр гаргалт болон залуучуудад чиглэсэн хөтөлбөрүүдийн үндэс суурь болдгоороо онцлогтой. Судалгаагаар дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт авчрах эрмэлзэлтэй, шинжлэх ухаанч сэтгэлгээтэй залууст манай баг үргэлж нээлттэй.
Шинжлэх ухаантай танилцах нь
Intro to Science


НҮБЗЗХ-ны гишүүд, ШИМТ боловсролын төв, хамрагдсан сургуулийн хамт олон
“Шинжлэх ухаантай танилцах нь” төсөл КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээнд хувь нэмрээ оруулж, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох залуучуудын идэвх, санаачилгыг дэмжих зорилго бүхий бичил төслийн хүрээнд НҮБ-ын дэргэдэх Залуучуудын Зөвлөх Хороо, ШИМТ боловсролын төв, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулагдсан. Энэхүү төсөл нь нийслэлийн хэмжээнд 5 ерөнхий боловсролын сургууль буюу 35, 17, 39, 67 болон 124-р сургуулиудын 6-р ангийн нийт 150 хүүхдийг хамруулсан юм. Төслийн зорилго нь шинжлэх ухааны салбарын талаар хүүхдүүдэд танин мэдэхүйн, туршилтын сонирхолтой арга барилаар мэдлэг олгоход суурилсан билээ. Манай улсад шинжлэх ухааны чиглэлээр суралцах явдал сүүлийн жилүүдэд багассан. Тиймээс уг төслөөр дамжуулан хүүхдүүдэд шинжлэх ухаан сонирхох сэдэл төрүүлэх, шинжлэх ухаанч сэтгэлгээ суулгах улмаар төсөлд хамрагдсан сурагчид шинжлэх ухааны салбарт ирээдүйн олон амжилтуудад үүд хаалгыг нь нээж өгөхийг зорилоо. ШИМТ боловсролын төв нь STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик, сэтгэлгээ ба гоо зүй гэсэн үзэл санаатай хөтөлбөрүүдээ хэрэгжүүлдэг. Сургалтын хөтөлбөрийн хувьд шинжлэх ухааны тухай богино бичлэг үзэх, түүх уншиж бүтээл урлах, зураг зурах гэх мэт бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд голлосон. Төслийн хугацаанд хүүхдүүд хими ба физикийн туршилтыг багаараа гүйцэтгэж, төгсгөлд нь хийсэн бүтээлүүдээрээ өрсөлдөн, шилдгүүдийг шалгаруулсан юм.
"Тогтвортой Ирээдүй" хэлэлцүүлэг
"Sustainable Future" series discussion


Зүүн гар талаас "Тогтвортой Ирээдүй" хэлэлцүүлэгт оролцогч залуус, 2022/08/25-нд шийдвэр гаргагч нарт тус хэлэлцүүлгийн үр дүнг цахимаар танилцуулж буй нь
Сайн дурын ажил
Сайн дурын ажил нь хувь хүний хөгжил, нийгмийн сайн сайхан байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг. Сайн дурын ажил нь ихэнх тохиолдолд цалингүй байдаг ч ур чадвараа хөгжүүлэх, хүмүүстэй танилцах, нийтийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах сэтгэл ханамж зэрэг мөнгөн бус урамшуулал нь ихээхэн ач холбогдолтой байж болох бөгөөд сайн дурын ажлын шууд үр нөлөөнөөс хол давсан байдаг.
Сайн дурын ажил хийх залуучуудыг өөрийгөө хөгжүүлэх орчноор хангаж, хажуугаар нь сайн дурын ажил хийх залуучууд сонирхож байгаа бол та team@unyap.mn руу хандан холбогдож сайн дурын ажил хийх хүсэлтээ гаргах боломжтой.
Жич: Сайн дурын ажлууд зун цагт өндөр эрэлттэй байдаг ба өвлийн цагт бага эрэлттэй байдаг. Мөн холбоосоор дарж бүртгүүлсэн тохиолдолд бид бүртгүүлсэн дарааллаар холбогдох болно.